Чинагш юм бүхэн улирч одно…

Otgonjargal Amarjargal
2 min readDec 4, 2020

Чинагш юм бүхэн улирч одно. Чиний хайрласан хүмүүс үгүй болж, дуртай дуу чинь хүртэл дуусна. Мөнхийн зүйл гэж үгүй. Мөрөөдөөд ч хэрэг байхгүй.

Ингээд ахиад нэг жил өнгөрч нас нэмлээ. Долоон жилийн өмнөх би өөрийгөө ийм хүн болсныг мэдвэл яах бол доо? Шоолж инээх болов уу? Тэврээд уйлах болов уу? Би юм чинь инээх л байх. Юутай ч нэг талаасаа үргэлж хүсдэг байсан бүхэндээ хүрсэн ч нөгөө талдаа үзэн ядмаар амьдралаар амьдардаг нэгэн болжээ. Нас нэмэх болгондоо ухаарч мэдсэн зүйл үгүй, ер нь огт өөрчлөгдөөгүй мэт санагддагч яг эргээд харахад арга ядаж алхаа гишгээ, ярианы өнгөнд өөрчлөлт орж, урьд өмнөхөөсөө хамаагүй тайван хүн болсноо, үнэхээр л “том хүн болж байгаагаа” мэдрэв. Бас өөртөө машид хайртай болжээ. Дургүй байсан бөөрөнхий хэл, хацар дээрх сэвхэндээ ч хайртай нэгэн. Хэн ч тогтож хайрлаж чадаагүй ааштай охин ч гэсэн өөртэйгөө үүрд хамт байхад бэлэн нэгэн. Өө сэв алдаа дутагдлаа бүгдийг нь өршөөж чаддаг нэгэн болжээ. Баярлалаа.

Ж.Болд-Эрдэнэ : Чинагш юм бүхэн улирч одно…

Чинагш юм бүхэн улирч одно

Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно

Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно

Чинагш юм бүхэн улирч одно

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой

Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ

Намрын царманд зогсох марал бугын нүдэнд

Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ижий минь талын хаяа руу алсарч одно

Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран

Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо

Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж

Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ

Чинагш юм бүхэн улирч одно

Цасан ширхгүүд одны гялгараас чимхэж одно

Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно

Чинагш юм бүхэн улирч одно

Жилийн өмнө яг энэ өдөр 2* хүртлээ ойлгосон 0 зүйл гэдэг гарчигтай уур уцаар нь дэлгэц цөмлөсөн “Үнэндээ юу ч ойлгоогүй зайл та нар гэх нь холгүй, сэтгэл гутрал уур уцаар, хүлээлтийн тухай” хоёр хуудас юм бичсэн байж билээ. Тухайн үедээ заа арай ч хувийн юм уу гээд оруулаагүй орхисонсон. Тэр нь ч болжээ. Бид бүгд хахир хатуу, гэрэл ч үгүй дэлхийд бүдчин байж бусдад асуудлаа үүрүүлэх гээд яахсан билээ. Хамгийн гол нь би үнэхээр давж гарч чадсан. Өнөө аюулт депресс, үхлийн тухай хөгжилтэй зүүдийг давж гарсан. Тиймээс энэ жилийн минь төрсөн өдөр хамгийн утга учиртай. Би одоо л амьдарч эхлэх гэж байна. Энэ хугацаанд хамт байсан хүн бүрд баярлалаа.

--

--