Цэцэг өгөөд л дүүрдэг сэтгэл: Toxic харилцааны тухай

Otgonjargal Amarjargal
5 min readJan 24, 2021

Хүмүүний харилцаа тэр тусмаа хосуудын харилцаа энэ хорвоо дээр хамгийн ярвигтай эд байж мэднэ. Үнэхээр ч хос хоёрын дотоод асуудлыг хөндлөнгөөс хэн ч ийм тийм гэж тодорхойлох аргагүйсэн билээ. Гэхдээ 21- р зуун гарч, мянганыхан бидний дунд “Toxic” буюу хортой харилцаа гэдэг бүтэн ухагдахуун бий болоод бараг сэтгэл зүйн шинжлэх ухааны нэг хэсэг болжээ. Тиймээс яасан ч хүлээн зөвшөөрч болохгүй хортой харилцааны шинж тэмдгүүдийг өөрийн болон эргэн тойрныхны туршлага, уншиж судалж, үзэж танилцсан бүхнээ нэг бичюү гэж саналаа.

Сарнайн өнгөтэй ертөнц болон улаан хуудас:

BoJack Horseman дээр “Чи хэн нэгэнд дурлаад бүх ертөнц сарнайн өнгөөр эрээлжлэх үед улаан хуудас ч ердөө энгийн хуудас мэт л харагдана” гэж гардаг. Дурласан хайрласан хүн уучлахдаа амархан болж хүчирхийлэлд өртсөн ч, хууртсан ч эсвэл эдгээр өөдгүй зүйлсийг чамд хийж шархлуулах хэмжээний хүн гэдгээ харуулж аль хэдийн тархи, эрүүл ухаанаас чинь улаан хуудас авчихсан хэдий ч, бүх найз чинь хайртыг чинь үзэн яддаг ч ганцхан чи л тэр их өө сэвийг нь харж чадахгүй байх нь бий. Эргэн тойрны итгэдэг хүмүүсээ сайн сонс! та хоёр хараал идсэн Ромка,Жули биш, Бони,Клайд хоёр ч биш бүх ертөнц та хоёрын эсрэг байгаа юм шиг санагдвал дохиог ойлго.Үнэхээр л тийм гэсэн үг. Сарнайн өнгөтэй шилээ авч хаяад, өөрөөсөө нуусан сануулгаа мэдэр, хайрт чинь чамайг яаж үнэлдэг, чамд яаж ханддаг болохыг эргээд нэг хар. Найзууд, ээж, аав чинь чамд хэзээ ч мууг хүсэхгүй шүү дээ.

Бэлэг өгч байна уу? Цэцэг үү? Уучлалт гуйсан уу? Тэгдэг л юм:

Та хоёрын хооронд гал ассан маргаан өрнөлөө гэж бодъё. Хэн хэн нь уурлаж, хэлэх хэлэхгүй, үнэхээр дотроо тэгж бодоогүй зүйлсээ хэлсэн байх. Тэгээд маргааш нь уучлалт гуйж цэцэг өгч байна уу? Эвлэрсэн хойноо чамайг галзуу уурлалаа гэж байна уу? Чиний мэдрэмжүүдийг үгүйсгэж байна уу? Тэр бүхнээ баглаа цэцгээр л сольчхож байна уу? Тэгдэг юм. Цэцэг бол хайр биш. Уучлаарай гэдэг үг бүхнийг шийдэхгүй. Эрүүл харилцаа гэж хэрэлддэггүй харилцааг хэлэхгүй. Муудалцаж, мэдрэмжээ хуваалцаж, хамаг сэтгэлээ уудалж, нэгнийхээ мэдрэмжийг хүндлэхийг, ойлгох гэж хичээхийг хэлдэг юм. Уучлаарай гэчхээд өмнөх асуудлаа ахиж гаргахгүй байх нь жинхэнэ хайр. Ядаж хичээх нь хайр. Тэрнээс биш албатай юм шиг хэдэн цэцэг өгч аргадаад маргаашаас нь яг адилхан зангаараа, новшийн төлөвөөрөө байхыг хайр, эрүүл хосын харилцаа гэхгүй. Бид хүмүүсийг өөрчилж чадахгүй, хайрлаж л чадна гэдэг шүү дээ:

Одоо цаг, одоо л биш бол худлаа:

Лев Толстой ах “Одоо цагт л хайр дурлал гэж бий, ирээдүйд хайр оршдоггүй юм. Одоо цагт л өнөө хайраа бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй бол үүнд хайр гэж үгүй” гэж хэлсэн байдаг юм. Дараа ахиж ингэхгүй, ахиад нэг боломж олговол үнэхээр хайрлаж үзүүлнэ, чамгүй байхдаа л ямар их хайртайгаа мэдлээ гэдэг хүн хэнд ч хань болохгүй ээ. Одоо л байгаа бүхнээ өгч, одоо л байгаа бүхнийг чинь авч, нэгнээ хайрлаж чадаагүй бол дараа гэж байхгүй, ирээдүй ч үгүй. Дахиж боломж өгнө гэдэг нэг хүнээр атгахан зүрхэндээ хоёр удаа хутга дүрэхийг зөвшөөрч байгаатай агаар нэг.

Чи чи чи, чиний найз, чиний гэр бүл, чи л буруутай:

Хосын харилцаанд зөв бурууг шүүх хэцүү л дээ. Гэхдээ жишээлбэл, би саяханThe Marvelous Mrs. Maisel үзэж байсан юм. Тэгсэн эхнэрээ хаяад, залуу охин дагаад явсан сайх эр дараа харамсаад хаясан эхнэрийнхээ гайхалтай supportive найз дээр ирээд “Чи миний амьдралыг сүйтгэлээ, чи миний эхнэрт надаас өөр амьдрал байгаа гэж мэдүүлснээс болоод миний амьдрал сүйрч байна” гэж уурладаг. Хос чинь муудалцсаны дараа чиний буруу мэт мэдрүүлдэг, найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүсийг чинь муулдаг, буруутгадаг бол үнэхээр байж болох хамгийн том улаан хуудас шүү. Үнэндээ эхнэрээ хуураад өөр хүүхэн хайгаад явсан болохоороо тэр өөрөө л амьдралаа сүйтгэсэн шиг хостойгоо эрүүл харилцаж, хувь хүнийг нь хүндэлж, эргэн тойрныг нь анхаарч, ойлголцдог хүн хэзээ ч хаягдахгүй л дээ. Өөрөөсөө асуудал олж хардаггүй хүн, өөрийн бурууг бусад руу чихдэг хүнтэй үерхэх байтугай хамт ажиллахад ч хэцүү шүү.

Goodboy| Goodgirl syndrome:

Би ийм сайн хүн, би чамайг ингэж хайрлаж байна. Тиймээс чи ч гэсэн намайг хайрлах ёстой гэдэг төрлийн хүмүүс. Нэг талаасаа үнэхээр сайн хүмүүс байдаг, хайртай хайртай гээд л байдаг ч яг чамд хайртай юу эсвэл чиний тухай өөрөө өөрийнхөө тархинд үүсгэсэн төсөөлөлд хайртай юу гэдэг нь мэдэгдэггүй хүн. Үнэхээр л чамд хайртай бол хариу нэхэхгүй, өмчлөхгүй, хувийн орон зайг чинь хүндэлнэ. Манай хүн хайртай болохоор олон залгадаг юм. Найзуудтайгаа байхад зургаа явуул гэдэг юм хэмээх өрөвдмөөр тайлбараа март. Хүн хүчирхийлнэ гэдэг заавал бие махбодын өвдөлт, цохилт байх албагүй. Сэтгэлийнх гэж бас байдаг юм. Чамайг хараа хяналтдаа байлгаж, үргэлж өмнөө гэмтэй мэт мэдрэмж өгч, ач хариулах ёстой мэт мэдрүүлдэг хүн бол тоглоомгүй ХҮЧИРХИЙЛЭГЧ, сэтгэл зүйн хүчирхийлэгч.

Ийм л байна даа. Уг нь бодсон юм маш их байсан боловч яг буулгахаар мартчих юмаа. Юутай ч бидний амьдралд хэрэгтэй цор гац TOXIC бол Britney Spears-ийн Toxic шүү.

Love, Oggy

Dedicated to Miss N

Disclaimer: Энэхүү бичвэр нь зуун хувь миний хувийн үзэл бодол тул хүн бүр санал нийлэхгүй байж болно. Мөн хэн нэгнийг гомдоох, stereotype-д бүлэглэн хуваах, үзэл бодлоо хэт тулгах санаа үгүйг анхаарна уу. Эхэнд дурдсанчлан харилцаа бүр өөр, ярвигтай, шүүх боломжгүй зүйл тул авах гээхийн ухаанаар хандаарай. Баярлалаа.

--

--