Хөндүүр сэдэв: Яагаад хүчирхийлэл үйлддэг вэ?

Otgonjargal Amarjargal
4 min readApr 15, 2021

Хөдөлгөөний гол зорилго болоод бэлгийн дарамтын тухай хэдэн тодорхойлолт үлдээе гэж бодлоо.

Энэ өдрийг хүлээж байлаа гэх нь юу юм. Гэхдээ үнэхээр Монголд #MeToo хөдөлгөөн өрнөөсэй, өөрчлөлт бий болоосой гэж нууцхан бодож явлаа.

Учир нь би өнөөдрийг хүртэл эмэгтэй хүнийг ердөө эрчүүдийн тоглоом, зугаа цэнгэл, эд бараа мэтээр ханддаг хардаг нийгэмд чимээгүйхэн урдах ажлаа хийгээд амьдарч байгаа залуу хүн.

Надад ч гэсэн зүгээр явж байгаад хүчирхийлэлд өртсөн тохиолдол тоолоод баршгүй их. Үүнээс болоод багаасаа сэтгэл зүйн гүн шарх /trauma/-тай болоод ч харилцаа үүсгэх, шинэ хүнтэй танилцах ер нь нийгмийн амьдралд хэвийн оролцох боломж минь багассан юм шиг санагддаг.

Гэхдээ надад хүмүүс энэхүү хөдөлгөөнийг улс төржүүлж, гол зорилгоос нь өөр тийш чиглүүлж, өнөөх л ярьдаг эрс феминизм, үзэн ядалт, хоёр хүйсийн хагарал, гүжир гүтгэлэг энэ тэр болгох вий гэсэн маш том айдас байна. Тиймээс бэлгийн дарамт гэж яг юу болох, одоо хөндөгдөж буй АББД, цахим бэлгийн дарамтын тухай хэдэн тодорхойлолт үлдээе гэж бодлоо.

Бэлгийн дарамт гэж юу вэ?

Монгол улсын Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “…бэлгийн дарамт” гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхгүйг хэлнэ.” гэж заажээ.

Харж байна уу? Хүсээгүй байхад биед халдах, элдэв хүсэлт тавих, шөнө орой залгах, хоёр гурван утгатай зүйл ярих, сексийн сэдэвтэй онигоо, шог яриа, болсон явдал зэргээ ярих нь бэлгийн дарамт юм.

Бэлгийн дарамтыг үйлдэгдэж буй орчноор нь сургуулийн орчин, ажлын орчин, цахим орчин гэж гурав ангилдаг. Сүүлийн жилүүдэд цахим орчин дахь бэлгийн дарамт ихсэж, охид бүсгүйчүүдийн зураг хөрөг дэлгэгдэх эсхүл dick pik-ээр хачирлан бэлгийн зан үйлд уруу татсан зурвас, тогтмол илгээж, сүрдүүлэх хандлага ч нэмэгдсэн. АББД гэдэг ойлголт ч зөвхөн ажлын орчинд ажлын цагаар бус, шөнө орой ирэх элдэв чат, мсж, дуудлага, хамт олны зулгаалга, найран дээр ч тохиож болно.

Яагаад хүчирхийлэл үйлддэг вэ?

Бэлгийн дарамтын тухай нийгэмд үүсэн нийтлэг буруу ойлголтууд бий

1. Эрэгтэй хүн байгалиасаа бэлгийн дур хүсэл ихтэй, үүндээ хөтлөгдөн буруу зүйл хийдэг.

2. Эмэгтэй хүн гоёж гоодон, бие авч явах байдал, хувцаслалтаараа хүчирхийлэгчийг өдөөдөг.

Энэ хоёр ойлголтыг задалбал эрэгтэй хүн бүр дарангуйлагч, хүчирхийлэгчийн өгөгдөлтэй төрдөг, өөрчлөх аргагүй гэсэн санаа бөгөөд эмэгтэй хүн гэдэг нь хүн биш ямарваа нэг бэлгийн зан үйлийн объект мэтээр ойлгодог нь аль аль талдаа хүний эрхийн зөрчил юм.

Жишээ хэлье. Манай найз алим идэж байлаа, би тэр алимыг идмээр санагдаж өдөөгдлөө л дөө, гэхдээ би тэр алимыг нь булааж авахгүй, яагаад гэхээр би өдөөгдлөө гээд халдаж болно гэсэн үг биш. Тиймээс хэн нэгэн хүн ямар ч задгай хувцас өмссөн байлаа гээд та зөвшөөрөлгүй биед нь халдаж хүрч болно гэсэн үг биш.

Харин нийгэмд тогтсон буруу үзэл бус судалгааны хүрээнд хүн яагаад хүчирхийлэл үйлдэг тухай ярья л даа. Принстоны их сургуулийн судлаач Сузан Фискегийн хэлснээр бэлгийн дарамт нь дөрвөн төрлийн сэдэлтэй байдаг гэж тодорхойлжээ.

  1. Шууд чиглэсэн — Энэ нь бэлгийн дотно харилцаанд орох сэдлээр өдөөгдөж, үгүй гэсэн хариулт хүлээн авахгүй байх.
  2. Дайсагнасан- Тухайн эмэгтэйд өөрөөс нь давуу гэдгээ харуулах гэж үйлдэгддэг. Тухайн эмэгтэйг өрсөлдөгч гэж үзсэнтэй холбоотой.
  3. Халамжилсан- Хүсээгүй байхад халамжлан эрхшээлдээ оруулах. Аав, ах шиг нь байх гэж оролдох, бэлгийн дотно харилцаанд орох сэдэлд автах.
  4. Өрсөлдөгч бус гэж үзэн эрхшээлдээ оруулах: Нэг талаараа тухайн хүнд татагддаг ч илүү гарах гэсэн дайсагнасан сэдэлтэйгээр эрхшээлдээ оруулах.

Тэгэхээр ихэнх бэлгийн дарамт дээрх сэдлүүдийн хүрээнд үйлдэгддэг байх боломжтой юм. Тэрнээс биш эрэгтэй нь төрөлхийн донтой, эмэгтэй нь энд тэндгүй гүйж явдаг sexual object бус бие махбод, сэтгэл зүй, дотоод ертөнцтэй хүмүүс байх нь. Хүмүүсийн дунд сайн муу, хулгайч дээрэмчин, гэмт хэрэгтэн олон бий. Тэгэхээр гэмт хэрэг болон, хүчирхийлэл үйлдсэн гол асуудал дээр л төвлөрөх хэрэгтэй, хүйсэнд биш.

За бас, би феминист хүн, хүйс хамааралгүй тэгш эрхийг дэмждэг. Гэхдээ новшийн их үйл явдал харж, хэдэн зуун хүчирхийлэгч тэднийг зүгээр хараад инээгээд, хаацайлаад явж байдаг bystander /хараад гөлийж байдаг/ тэгснээ дараа нь бүх эрчүүд биш гэж гоншигнодог эрчүүдийн дунд амьдарч байгаадаа гомдож байна.

Бид бүгд нэг дэлхийг амьдарч байгаа байж болох ч амьдралыг шал өөр өнцгөөс хардаг гэвэл итгэх үү. Эрэгтэй хүмүүс зүс мэдэхгүй бүсгүйд дөхөн танилцах арга сэдэхдээ “энэ хүүхэн намайг шоолох вий” гэж айдаг бол эмэгтэй хүн “ энэ намайг алчихгүй байгаа даа” гэж боддог. Эрчүүдийн хэд нь хүчиндүүлж үхэх вий гэж айдаг бол? Охид бүсгүйчүүд шөнө, орой ганцаараа алхах болгондоо энэ бодолд автаж чичирдэг. Сэтгэлдээ бүх эрчүүдийг үзэн ядсандаа ингэж бодоод байгаа юм биш, үнэхээр тийм аймшигтай зүйлс хийдэг эрчүүд байгаа болохоор бодит практикууд байгаад, явсан газар бүртээ жижиг сажиг бэлгийн дарамтад өртөж, хүсээгүй байхад нь биед нь хүрчхээд дараа нь тоглож байхад сүртэйшд гэж инээгээд, боль энэ тэр гэвэл дараа нь “тэр аймаар хэл амтай” гээд сууж байдаг хүмүүс бий болохоор ингэж байгаа юм.

Тогтолцоо хандлагаа өөрчилмөөр байна. Хохирогчийг буруутгахаа болимоор байна. Хувцас хүчин хийдэггүй хүн хийдэг, архи хүчин хийдэггүй хүн хийдэг.

Жендерийн үндэсний хорооноос 2020 онд гаргасан АББД-ийн тухай илтгэлийг унших: http://nsug.ub.gov.mn/pdf/belgiin%20daramt%202020.pdf

--

--