Амиа хорлолтын тухай: Hell is other people

Otgonjargal Amarjargal
2 min readSep 15, 2019

--

Гэрээ цэвэрлэж, номын тавиурынхаа тоосыг арчих зуур гурвын гурван номоо хулгайд алдсанаа мэдэх тэр мөчид, үхээд өгье гэсэн бодол зурс хийдэг юм билээ. Яг тэр үед Лаптопноос минь Нисванисын “Тэр ойлгожээ” хангинаж байсныг нь яана! Хамгийн инээдтэй тэр номуудын хоёр нь минийх байгаагүй. Дээр нь ихэд нандин эд байсан юм. Тэр муу хулгайч, очиж очиж миний биш өөр хүний ном хусаж, давхар давхар сэтгэлийн зовлон бэлэглэдэг нь ч юу юм. Сартрын хэлдгээр “Hell is other people” гэдэг л бодогдов. би энэ үгийг бүтнээр нь, эсвэл яг зөв ухаж ойлгож, тайлбарлаж чадах эсэхээ мэдэхгүй юм. Гэхдээ нэг утгаараа бол чи эсвэл бусад хүмүүс нэг нэгэндээ зовлон л бэлэглэнэ. Өөр ч юу ч биш. Бод доо үнэндээ ээж аав чинь чамд хайртай, насаараа чиний төлөө амьдарсан ч гэсэн тэдний хувь хүнийг аваад үзвэл чи хамаг мөрөөдөл, залуу насыг нь эрүүл мэндтэй нь хамт ховх сорчихсон л байгаа байхгүй юу. (аав ээждээ сайн хандаарай та нар) Ертөнцийн хамгийн агуу харилцаа ийм байхад, тэр хайр дурлал, найз нөхөд бол жинхэнэ лөөлөө л байна. Бүгдээрээ нэг нэгнээсээ ямар нэг юм хүлээж, хэн нэгнийг сорж эсвэл сорогдож амьдарч байна даа. Энэ бол зүгээр л тэр ганцхан өгүүлбэрийн өчүүхэн хэсгийг миний жижигхэн тархи өөрийнхөөрөө ухаж байгаа нь энэ шүү. Яг тайлбар нь их хүнд эд бий. Гэхдээ яахав дээ “зохиолчийн үхэл” гэж нэг сайхан үг байна.

Харин Сартр ах өөрөө амиа хорлолтын тухайд “Бид хийж буй үйлдлээрээ өөрийгөө шинээр бүтээж болно. Тэгэхээр хийх үйлдэл маань биднийг тодорхойлдог гэсэн үг. Харин үхэх үед “энэ бүхэн нэгэнт дуусаж”, бидний тухай бусдын бодлоос та бид бүрэн хамааралтай болдог” гэж хэлсэн юм. Энэ нь ч надад их сайхан санагддаг. Ханьтай ч юм шиг. Бид бүгд орчин үеийн, чөлөөтэй гэгддэг энэ нийгэмдээ яагаад нэг нэгнээсээ ийм их хамааралтай байдаг юм бэ? Бас үнэхээр амиа хорлолоо гээд эрх чөлөөнд хүрч, бүх юм дуусна гэж үү? Харин ч тэр эрх чөлөөгөө гаргаад, өөрийн хүссэн бүх сонголтыг хийгээд, бусдын бодолд л биш, мэдрэмжид нь хажууд нь үлдвэл дээр биш гэж үү? Тиймээс үхэл бол яасан ч зөв сонголт биш. Зүгээр л яваад өгсөн, ядраад унтаад өгсөн тэр дотнын хүмүүст би ямар их хайртай байсан гээч. Тэгсэн ч гэлээ цаг хугацаа өнгөрөх тусам амар тайвныг сонгож, хүмүүсийн дурсамж төдий болж үлдсэн тэр хүмүүсээс би хамаагүй их эрх чөлөөтэй байгаагаа мэдэрч байна. Том болж байгаагийн шинж юм болов уу даа энэ тэр.

Ингээд эцэст нь Сартр ах “Хүн эрх чөлөөтэй байхаар шийтгэгдсэн. Үхлээс өөрөөр эрх чөлөөнөөс зугтах зам үгүй. Эрх чөлөө бол ивээл бас хараал” гэж хэлсэн юм. Тиймээс энэ хараалаа эдлээд сайхан амьдарцгаа та нар!

Яагаад Сартрыг ингэж их яриад байгаа юм гэж гайхаж байна уу? Алга болсон номуудын ганц минийх нь Сартр ахынх байсан юм л даа. Долоон там минь гэж.

--

--

Responses (1)