​The Guardian: Хэтэрхий ухаантай, боловсролтой монгол эмэгтэйчүүдийн ганц бие амьдрал

Otgonjargal Amarjargal
3 min readApr 4, 2020
hhe

Сүүлийн үед энэ нийтлэл сошиалаар их харагдах боллоо. 2018 онд сэтгүүлчээр ажиллаж явахдаа орчуулж л явлаа. Тухлан сууж таалан болгооно уу.

The Guardian сэтгүүлээс Монголын нийгэмд буй хүйсийн тэгш бус харилцаа, залуу эмэгтэйчүүд ямар учраас гэрлэлтээс татгалзах болсон тухай нэгэн нийтлэл бичсэнийг орчуулан хүргэе.

-Улаанбаатар хотын төвд байрлах хошин үзүүлбэртэй баарны үйлчлүүлэгчдийн ихэнх нь оффис хувцасласан эмэгтэйчүүд байх бөгөөд ажлаа тарсан ганц бие эмэгтэйчүүд нэг, хоёр шил шар айраг шимэн суух аж. Гучин нэгэн настай сэтгүүлчээр ажилладаг Мандхай энд хоёр найзтайгаа иржээ. Тэр “Улаанбаатар дахь ямар ч баар, паб, кафе бүрийн үйлчлүүлэгчид ийм л байдаг. Нэг үгээр “Эмэгтэйчүүдийн илүүдэлтэй” гэв.

Сүүлийн хэдэн арван жилийн турш монголчууд хөвгүүдээсээ илүү охидынхоо боловсролд хөрөнгө оруулсаар ирсэн бөгөөд нүүдэлчин соёлоо авч үлдэж буй хөдөө нутгийн иргэд ч охидоо л хот руу их сургуульд явуулах болжээ. Энэ нь мал маллахад эмэгтэй хүний хүч дутдагтай ч холбоотой гэнэ. Энэ хандлагыг Монголд жендэрийн ялгаа хэмээн нэрийддэг бөгөөд эндэхийн эмэгтэйчүүдийн боловсрол, ажиллаж буй байдал нь эрчүүдийнхээс өндөр бөгөөд цаашлаад дундаж наслалт нь хүртэл арваад жилийн зөрүүтэй юм.

Энэ нь залуусын гэр бүл болох хувь Монгол даяар буурч буйн гол шалтгаан аж. Хотод өндөр боловсрол эзэмшсэн бүсгүй өөрийн төвшний боловсролтой, амжилттай яваа залууг олох сонирхолтой байдаг. 2016 оны байдлаар шинээр гэр бүл болох явдал арван жилийн өмнө 22.9 байснаас 8.9 хувь болтлоо буурсан байна. Монголын гурван сая иргэдийн тал нь эрэгтэй ч гэлээ Улаанбаатар хотын хувьд эмэгтэйчүүд давамгайлдаг бөгөөд их сургууль, ажлын байранд ч бүсгүйчүүд давамгайлж байна.

Монгол бүсгүйчүүд 29 хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэх, эсвэл карьераа сонгох гэсэн хатуу шалгууртай тулдаг. Үндэстний соёл, нийтлэг ойлголтоос үүдэн 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд нөхөртэй болох боломж маш бага болдог аж. Энэ жил 39 настай Зола эдийн засагч мэргэжлээр гадаадад мастер хамгаалан, эх орондоо ажиллаад хэдэн жилийн нүүрийг үзэж буй ч нөхөртэй болж чадаагүй байна. Одоо түүнд өөрийнхөө тавьдаг шалгуурыг бууруулахаас өөр сонголт үлдээгүй. Тэрээр “Надад одоо их мөнгө олдог, өндөр боловсролтой байна уу гэдэг хамаагүй ээ. Зөвхөн намайг хүлээн зөвшөөрдөг, сайхан сэтгэлтэй нэгэн л байвал болох нь” гэв.

Олон монгол бүсгүй энэ бүхэн дан ганц өөрсдийнх нь буруу гэж үздэггүй. Монголын нийгэм охидод багаас нь “заавал амжилтад хүрэх ёстой” гэсэн ойлголт өгдөг ч амжилтад хүрсэн, боловсролтой болсон хойно нь тохирох хамтрагч олох нь тэр бүгдээс ч хэцүү болсон” хэмээн А.Алимаа өгүүлэв.

Энэ жил 32 настай бизнес эрхлэгч Ц.Мандухай “Эрчүүд намайг өөрсөдтэй нь бизнесийн санаа бодлоо хуваалцахад тийм ч нааштай хүлээж авдаггүй. Эмэгтэй найзууд минь ч намайг эрчүүдийн сэдвүүдээр хэлэлцэх үед чимээгүй байх эвсэл тэнэг юм шиг царайлж, олон асуулт асуу гэдэг” хэмээсэн юм.

Дэлхийн банкнаас энэ гуравдугаар сард гаргасан судалгаагаар Монголын 20-иод насны бүсгүйчүүдийн амжилтад хүрэх хүсэл эрмэлзэл хөвгүүдийнхээс илүү байсан юм. Улс төрийн шинжлэх ухаанаар суралцдаг 19 настай Г.Булганчимэг “ Залуус, ангийн хөвгүүд гээд бүхий л эрэгтэйчүүд богино банзал өмссөн охидын араас элдэв үг хаядаг. Эмэгтэй хүнийг хүндлэхгүй байгаагаас нь харахад л тэд ямар нөхөр болох нь тодорхой учир хүнтэй гэрлэнэ гэж боддоггүй” гэсэн юм.

Жендэрийн тэгш бус харилцаа ийм байдалд хүрэхэд улс төрийн байдал ч хамаатай хэмээн Говь-Сүмбэр аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т. Болдбаатар хэлсэн юм. 1990 оноос хойш коммунизм задран олон компани, үйлдвэрүүд хаагдаж олон мянган эрчүүд ажилгүй болсон. Үүнээс үүдэн архидалт эрчүүдийг нөмөрсөн юм. харин нөгөө талд эмэгтэйчүүд баталгаатай ажлын байрны төлөө өндөр боловсролтой болж байгаа аж

Ганц бие эмэгтэйчүүдэд нийгмээс ирэх сөрөг хандлага маш их. Монгол уламжлалт Цагаан сарын баяраар ураг төрлийн хүмүүс цуглардаг бөгөөд энэ баяр ганц бие эмэгтэйчүүдийн хувьд бараг там шиг өнгөрдөг гэнэ. Ганц бие хоёр хүүхдийн ээж Б. Солонго “Баярын үеэр хүмүүс яагаад хүнтэй суухгүй байгаа юм гэх асуулт тавьж, яг л ганц бие байх нь гэмт хэрэг юм шиг хандлага гаргадаг” гэв.

Түүнчлэн монгол залуус харьцангуй хуучирсан болзооны хэв маягтай. Клуб, пабд нүүр нүүрээ харин танилцаж, ярилцахаас илүүтэй нийгмийн сүлжээ ашиглан хоорондоо танилцаж харилцдаг юм. Соёлын ялгааны улмаас чөлөөт харилцааг хүлээн зөвшөөрдөг хэсэг ховор бөгөөд хурдны болзоог ч саяхнаас л хэдхэн газар зохион байгуулж буй ч оролцохоор ирж буй хүмүүсийн 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг юм.

Эх сурвалж:The Guardian

Цаашдаа сэтгүүлчээр ажиллах явцдаа бичиж асан нийтлэлүүдээсээ түүрэвлэн хүргэх санаа байгаа шүү. Сонирхоорой :D

http://itoim.mn/article/XaibM/13392

--

--